"ХОНКОНГ - 2009" ЗҮҮН АЗИЙН V НААДМАА ЭРГЭН ДУРСАХУЙ ДОР
Анхны оролдлого
Монголчууд анх удаа Зүүн Азийн Наадмын төлөө эрслэн босож, зохион байгуулахыг хүссэн өргөх бичгээ дээш нь гардуулсан боловч үгсэн хэлцсэн хятад цус нэгтнүүдэд хавчигдан, ялагдлын гашууныг амсав. Монгол, Тайвань, Хонконгийн өрсөлдөөнд Сянганы тал илүү санал авч, 2009 оны Зүүн Азийн Наадмын эрхийг өвөртөллөө. Гэхдээ энэ бол монголчууд олон спортын GAMES гэгч наадмын төлөө саналаа зоригтой дэвшүүлсэн анхны алхам байсан юм шүү. Өнөөдрийн наадмын төлөөх тэмцлийн анхны оч болон дүрэлзсэн 2003 он.
Хамтын нөхөрлөлд хавчуулагдсан Хонконг
Хонконг нь Азийн наадам, Олимпийн наадамд оролцдог бүрэн эрхт улс. Түүний сацуу Их Британийн хуучин колони Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд бас зодоглодог ч Энэтхэг, Малайзи, Шотланд, Австрали гээд томчуудын урдуур орж зохион байгуулж амжаагүй л цохиж явна. Гэхдээ "Зүүний хүчний наадам" ч тэдэнд бас л том туршлага шүү дээ.
Фокийн багийнхан
Олон улсын олимпийн хорооны гишүүн, Хонконгийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Тимоти Цүн Тин Фок нь Зохион Байгуулах Хорооны даргаар томилогдож, арал даяараа эрвийх дэрвийхээрээ хөдөлж, 240 сая хонконг долларын хөрөнгө босгох аянд хөдлөв. Олимпийн цагаригийг дөхүүлэн дүрсэлсэн галын наадам бүхий лого амь орж, нэрт зураач Ик Тат-Ва наадмын билэгдэл сахиус Дони хүүхэлдэйг ч урлан бүтээлээ. Фок нь удам дамжсан цулгар баячуудын нэг бөгөөд Бээжинтэй эртнээс дотно гэдгээрээ Нанхиад гүрэнд нөлөө бүхий нэгэн.
Яргуйг цэцгээс цасан ширхэг рүү
Зүүн Азийн V наадам нь хаврын яргуй дэлгэрдэг цаг хугацааны хэлхээсийг тас эвдэн, Монголд цасан бударсан, бүр өвлийн наадам мэт XII сард эхэлж, манай тамирчид өвлийн хувцсаа онгоцны буудал, вокзал дээр тайлж үлдээгээд, +30 хэмийн арал руу нисч, вагоондаж байсан. Нэмэх хасах 60 градусын зөрүүг монголчууд ажрахгүй давж, тэмцээн уралдаандаа тэвдэхгүй оролцсон билээ.
Алтгүй ч "алтан шагнал"
Монголоос 97 тамирчин Хонконгийн Зүүн Азийн тулаанд өрсөлдөж, харамсалтай нь алт авах “хоншоор дутан”, 4 мөнгө, 16 хүрэл медалийн амжилтаар уртаашаа ганцхан III байртай Гуамыг л доороо хийж дөнгөв. Энэ наадмын ихэнх медалийг түүсэн жүдогийн багаа Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нь "Баянгол " зочид буудалд хүлээн авч уулзан, баяр хүргэж, түүний Хонконг түншүүд медальт байрт шалгарсан хүүхдүүдийг 1000-2000 ам.доллараар шагнаж, нүдийг нь бүлтийлгэж билээ.
Шуудай, хүүдий медалиуд
Энэ удаа "шүдний өвчин" болдог БНАСАУ-ын тамирчид гуйлгаж түйлгэж оролцоод, бас ч 6+8+11 медалиар ганзагаа дүүргэн, Пхеньян руугаа буцсан гэдэг. Мэдээж, хамгийн олон хүнтэй десант буулгасан Хятадын ланжгар баг 232 медалийг шуудайлж, сүр хүчээ гайхуулсан. Наран & Гуулин улсууд ч мөчөөгөө өгөхгүй, эртний уламжлалт тооцоогоор хоорондоо хоржигнолдож, 190:143 - aap Токиогийнхон товшив.
Дахин Дундад улсад
Зүүн Азийн Наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт Цэндийн Дамдин томилогдсон бөгөөд жил хүрэхгүй хугацааны дараа Хонконгийн хөрш Гуанжоуд эхлэх Азийн том наадмын ЗБХ-ны урилгаар бусад НОК-ийнхны хамт Гуандун муж руу нэг хоногийн айлчлал хийв. Ингээд Зүүн Азийн Наадам 20 жилийн дараа Дундад иргэн улс руугаа дахин буцахаар болж, "Тяньжинь-2013"-т уулзахаар зүүнчүүд зүг зүг рүүгээ таран одсон юм.