НААДМЫН ЭРГЭН ТОЙРНЫ “ОТО БАЗАА”


Аливаа наадамд оролцох баг тамирчдын ахлагч буюу Шеф-де-Миссион ("Үүрэг хүлээсэн дарга" гэсэн утгатай франц үг ) бол тулаанд орж буй тамирчдын жинхэнэ командир, боссын доорх шефүүд гэсэн үг. Энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэхээр дараах зүтгэлтнүүдийг тохоон томилжээ: Чэнь Лу-И (БНХАУ), Кенсүке Ивабүчи (Япон), Вон По-Ки (Хонконг), Ли Хён-Жин (БНСУ), Пүн Вен-Күн (Макао), Ч.Наранбаатар (Монгол) нар цэх шулуунаар  "цэргээ удирдан"  Зүүн Азийн залуучуудын тулаанд үзэлцэх нь ээ.

<b>Тартан замыг тайван байлгахгүй</b>

Тартан замыг тайван байлгахгүй

 "Улаанбаатар - 2023" наадмын ачаар Налайх дүүрэгт байрлах орчин үеийн хөнгөн атлетикийн тартан хучилгатай задгай цэнгэлдэх хүрээлэнгийн олон улсын тамирчдын хурд хүчийг шалгах өнийн мөрөөдөл нь удахгүй биелнэ. Нийслэлээс 40 км-ийн алс орших уурхайчдаар овоглосон Налайхын стадионд энэ сарын 20-23-нд хөнгөн атлетикийн 23 төрлөөр долоон багийнхан өрсөлдөнө. Ийнхүү спортын хатан хаан гэгдэх хөнгөн атлетик нь энэ наадмын хамгийн олон багц медальтай төрлөөр аргагүй л зангаргаараа тодорч байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны туслалцаатайгаар бүтээн байгуулсан, Италийн "Мондо" дээд зэрэглэлийн  тартан замыг тус холбооны Дэд Ерөнхийлөгч, тулгууртай харайлтын олимп, дэлхийн олон удаагийн аварга, Украины суут тамирчин Сергей Бубка нь 2018 онд Монголын хөнгөн  атлетикийн холбоонд албан ёсоор хүлээлгэн өгсөн баярт үйл явдлын гэрчүүд одоо том наадмын үзэгчийн суудалд тухалж, жинхэнэ утгаар нь "Citius Altius Fortius"-ийг тольдон баясах нь. Хөнгөн атлетикийн тэмцээний спорт захирлаар МУБИС-ийн багш, цагтаа цахилж явсан ойрын зайн спринтер, спортын мастер А.Амгалан ажиллаж байна.

<b>Олимпийн аварга спортын хатан хаанд үйлчилнэ</b>

Олимпийн аварга спортын хатан хаанд үйлчилнэ

"Сингапур - 2010" Залуучуудын Анхдугаар Олимпийн наадмын чөлөөт бөхийн аварга Баатарзоригийн Батцэцэг нь өөрийнхөө биш, өрөөл төрөлд хүчин зүтгэх нь. Тэрбээр төрөлх Налайх дүүрэгт нижигнэх хөнгөн атлетикийн тэмцээний сайн дурынхныг хариуцсан даамлаар томилогджээ. "Баавгай" хэмээх Б.Батцэцэг нь өсвөр, залуу насандаа чөлөөтийн УАШТ-д дөрөв төрүүлсэн амжилттай. Өдгөө "Баавгай" бүсгүй маань өөрийг нь залуучуудын олимпийн аварга цолонд хүргэсэн унаган дасгалжуулагч,  уурхайн хотын БТСХ-ны дарга Д.Мөнхбаярын удирдлага дор ахлах дасгалжуулагчийн албыг хашин, Зүүн Азийн залуучуудын наадмын төлөө зүтгэж буй нь сайшаалтай. Аргагүй л ардын үрсийн төлөөх аварга.

Зүүн Азийн учраанууд

"Осака-2001" Зүүн Азийн III Наадмыг сайн дураараа сурвалжилсан, Кансай мужийн нэгэн монгол оюутан утсаар мэдээ өгчээ. Нөгөөх чинь " Манай бөх эхлээд Зүүн Азийн тамирчныг ялаад , дараа нь Зүүн Азийн бөхөд ялагдлаа. Дараагийн тойрогтоо  Зүүн Азийн учраагаа дийлбэл хүрэл медаль хүртэнэ" гэж шуурхай мэдээ явуулсан удаатай.