"ШАНХАЙ - 1993" ЗҮҮН АЗИЙН АНХДУГААР НААДМАА ЭРГЭН ДУРСАХУЙ
Зүүн Азийн анхдугаар наадам анх БНХАУ-ын Шанхай хотод 1993 оны V сарын 10-наас 19-ний өдрүүдэд зохиогдож, тус бүс нутгийн 8 орон буюу БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконг, Макао, Монгол, БНХАУ-ын 1021 тамирчин спортын 12 төрлөөр өрсөлдсөн билээ. Түүнчлэн Зүүн Азийнхантай ойрхон байрлалтай, Номхон далайн бяцхан арал Гуамын ҮОХ-ны хүсэлтээр тэдний багийг медалийн дүнд тооцохгүйгээр "орлогч гишүүний" статустай оролцуулахаар тохиролцсон ажээ.
Үүнээс яг нэг жилийн өмнө тус бүс нутгийн Үндэсний Олимпийн Хороод хуралдаж, Зүүн Азийн Үндэсний Олимпийн Хороод (East Asian National Olympic Committees - EANOC) гэдэг олон улсын байгууллагыг үүсгэн байгуулж, уг наадмыг зохион явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн билээ. Учир нь өргөн уужим манай тивийн бусад улсууд нь Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Өмнөд Ази, Баруун Ази хэмээх өөр өөрсдийн бүс нутгийн наадамтай атал Олимпийн наадамд Ази тивийнхний хүртдэг бүх медалийн 75 хувийг хамдаг "манай нутгийнхан" өөрийн гэх спортын наадамгүй явж ирсэнд шүүмжлэлтэй хандан, шинэ ёслолын бамбарыг Шанхай хотод асаахаар санал нэгдсэн нь энэ бөлгөө.
Хятадын ҮОХ нь анхны алтан хараацай наадмыг эх орондоо зохиох санал санаачилга гаргасан нь тохиолдол биш. БНХАУ нь 1990 онд Бээжин хотноо Азийн том наадмыг анх удаа амжилттай зохион байгуулсан туршлагадаа дулдуйдан, цаашдаа Олимпийн наадмыг цагаан хэрмийн цаана авчрах хэтийн зорилттой байсан тул энэ идэвх нь Олон Улсын Олимпийн Хороо ба гишүүдэд сайн сэтгэгдэл төрүүлэх далд ухаан байсан гэлтэй. ОУОХ-ны гишүүн, Хятадын ҮОХ-ны Ерөнхийлөгч Хө Жень-Лян ч энэ чиглэлээр идэвхтэй ажилласан. Учир нь 1993 оны намар Монакод болсон ОУОХ-ны чуулганаар 2000 оны Олимпийн төлөө Бээжин хот нь Австралийн Сиднейтэй халз өрсөлдөх том даваа хүлээж байсан юм.
"Шанхай - 1993" наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Сосорбарамын Болд хөлгийн жолоо залсан бол баг тамирчдын ахлагчаар тус Хорооны дэд Самдандоржийн Жамц томилогдсон. Монголчууд жүдо, бокс, хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, спортын гимнастик, сагсан бөмбөг зэрэг спортоор оролцож, нэг мөнгө & 16 хүрэл хүртсэн билээ. Цорын ганц мөнгөн медалийг жүдоч Даваасамбуугийн Доржбат 78 кг-ийн жинд эх орондоо авчирсан түүхтэй. Тэр үеийн "Үнэн" сонин болон зарим хэвлэлд "Хүрэл медаль ханхлуулсан хүрэн царайт Монголчууд" гэсэн гарчигтай шүүмжийн аястай материал нийтлэгдэж л байлаа.
Тус наадмын хувьд манайхан олон спортын наадамд анх удаа сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлтийн тамирчдаа илгээсэн нь тэр үедээ сонин содон үйл явдалд тооцогдов. "Сахал" хэмээх Л.Доржсүрэн дасгалжуулагчтай хөлбөмбөгчид маань V байрны төлөө Макаогийн шигшээтэй үзэлцэж, цаг дуусахаас хэдхэн минутын өмнө довтлогч Б.Буман-Учрал 2 гоол оруулснаар 4:3 ялалт байгуулсан нь их замын эхлэл гэлтэй. Тэртээх 1993 онд гэхэд л Монголын хөлбөмбөгийн холбоо нь ФИФА-д элсээгүй байсан гээд бод доо.
Дээр дурдсанчлан таван тивийн од манлай, сод магнай тамирчид өрсөлддөг олимпийн наадамд Ази тивээ төлөөлөн оролцсон улсуудын бүх медалийн дөрөвний гурвыг зулгаадаг хүчирхэг спортын гүрнүүдтэй зүүн бүсийн Шанхайн анхдугаар наадамд бас л орон орны шилдгүүд хуран цугларсан. Том багууд шигшээгийнхээ нэг хоёр нойморуудыг илгээж, жишээлэхэд л Шанхайн ойролцоох Жядин хотноо хөшгөө нээсэн жүдогийн тэмцээнд олимп, дэлхийн медальт 15 тамирчин татами дээр гарсан гэдэг. Манайхаас өсөх ирээдүйтэй авьяаслаг тамирчинд тооцогдож байсан Х.Болдбаатар, Д.Маралгэрэл, Ц.Цэрэнпунцаг, М.Даваасүрэн, Д.Доржбат нар зодоглосон.
Олимпийн түнш МИАТ компани нь түүхэндээ анх удаа Улаанбаатар - Шанхайн чиглэлд спортын чартер нислэг үйлдэж, хажуугаар нь 20 Монгол жуулчдыг тээвэрлэн, "Бумба Трэвел" компанийхан тэднийг Ханжоү, Сүжоү мужийн үзэсгэлэнт газруудаар аялуулсан нь тэднээс өндөр үнэлгээ авсныг санаж байна. Ардын жүжигчин Жаргалсайхан гуай "Шератон-Хуатин" таван таван хошуутай буудалд ая дуугаа өргөж, орон орны ҮОХ-дын хүндэт зочид төлөөлөгчид ихэд сайшааж билээ.
Ийнхүү одоогоос яг 30 жилийн өмнө "Дорнын Парис" хэмээн алдаршсан Шанхай хотод Зүүн Азийн Анхдугаар Наадам амжилт дүүрэн зохион байгуулагдаж, цаашдаа 4 жил тутамд Бусан, Осака, Макао, Хонконг, Тяньжинь уг буухиаг нэр төртэй үргэлжлүүлэн, спортын бамбараа улам бадраасан түүхтэй. Энэ нэр хүндтэй наадмаас олимп, дэлхийд нэр алдраа дуурсгасан олон олон одод төрсөн билээ.
Зүүн Азийнхны наадам ээлтэй наадам шүү.