ВОЛЕЙБОЛ: БНХАУ-ЫН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Волейболын тэмцээний 4 дэх өдөр охидын сүүлийн тоглолт болж “Улаанбаатар 2023” наадмын аваргууд тодорлоо. Алтан медалийн эздийг шийдэх тоглолтод БНХАУ, Монголын багууд өрсөлдсөн юм. Хятадын баг тус тоглолтод 3:0 (25:18, 25:16, 25:17) харьцаатай хожиж тэмцээний аварга боллоо.
БНХАУ-ын баг хаалтын үзүүлэлтээр 7:2, давуулалтын үзүүлэлтээр 5:1, довтолгооны оноо 41:23 харьцаатай илүү байв. Хятадын багийн ахлагч 17 настай Guo Xiang Ling энэ тоглолтод 16 довтолгоо, 2 давуулалт, 1 хаалт оноо болгож 19 оноо авсан өндөр үзүүлэлтээр тоглогчдыг тэргүүллээ.
Монголын багийн хувьд тэмцээнийг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ. Манай багаас Б.Бадамцэцэг 3 ээлжийн турш довтолгоонд сайн байж 10 оноо авч багаа тэргүүллээ. Тоглолтын хувьд манай баг хожил, хожигдлоос илүүтэй олимп, дэлхийд тэргүүлэх амжилттай БНХАУ-ын багтай тоглоно гэдэг өөрөө маш том ахиц дэвшилтэй, өгөөжтэй үйл явдал байлаа.
2012 онд Монголын эмэгтэйчүүдийн баг БУСО-д болсон Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш манай улсын багийн эмэгтэйчүүдийн баг олон улсын тэмцээнээс хүртсэн эхний медаль энэ болж байна. Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан дасгалжуулагчтай, Ц.Баасандулам ахлагчтай 17 хүртэлх насны охидын шигшээ багийн тамирчиддаа баяр хүргэе!
Эх сурвалж: Champ media