ОСАКА - 2001 ЗҮҮН АЗИЙН III НААДМАА ЭРГЭН ДУРСАХУЙ
Осака хотод олуулаа
Зүүн Азийн III Наадам эрэмбээрээ Японы Осака хотод уламжлалт V сарынхаа 19 - 27-ны өдрүүдэд зохиогдож, БНСУ, БНХАУ, Монгол, Тайвань, Макао, Хонконг, Казахстан, Гуамын 2804 тамирчин спортын 15 төрлөөр 8 хоног өрсөлдлөө. Хойд Солонгос мөн л баг тамирчдаа илгээсэнгүй, харин ч өнөөх цөмийн товчоороо Наран улсыг бэмбэгнүүлэх гэж оролдов , бид ч дотроо болгоомжлов.
Олимпийн төлөө Осака "дамжлага бааз"
Япончууд бас л Осака хотыг сонгохдоо давхар бодол өвөртөлснийг хожим мэдсэн. Тэд Ази тивд анх удаа 1964 онд Токио хотноо Зуны Олимпийн Наадмыг зохион байгуулсан гүрэн. Монголын баг тамирчид ч бас түүхэндээ анх удаа алтан соёмбот далбаагаа мандуулан, олимпийн наадамд нэрээ гаргасныг түүх гэрчилнэ. Наран улсын ҮОХ намар нь Москва хотноо болох ОУОХ-ны чуулганаар 2008 оны Олимпийн төлөө өрсөлдөх байсан тул бас л бүсийн энэ наадам далайд дусал нэмэр гэж бодсоноос бололтой. Гэвч тэр сунгаанд тив нэгт анд Бээжин хот тасархай түрүүлэн, 2008 оны олимпийн эрхийг халаасласныг та бүхэн мэднэ.
Зүүн нутгийн их гурвал
Энэ наадамд багийн дүнгээр их гурвал болох БНХАУ-Япон-БНСУ "айргийн гурваараа" давхидагаараа өнгөлөөд л, харин манайхан 1 алт + 2 мөнгө + 7 хүрлээр Хонконгийг анх удаа урдуураа алдаж, Макао, Гуамыгаа л дарж унав. Топ гурав ба Казахстан нь мөн л шигшээгийн томчуудаа энд авчирсан нь үзэгчдийг пиг цугларахад үлэмж нөлөө үзүүлсэн.
Ханхүүтэй нээлт
Нээлтийн ёслол Осака хотын "Наоко Такахаши" цэнгэлдэх хүрээлдэнд ёслол төгөлдөр зохиогдож, Их Наран улсын ханхүү Такамото өөрийн биеэр морилон ирсэн байлаа. Монголын багийн тугчаар үндэсний хувцсаараа гангарсан , чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр үүргээ гүйцэтгэж, урамтай сайхан барилдан, мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй. Харин Гуамын баг арлынхаа абориген заншлаар эхээс төрсөн биенийхээ бүсэлхийндээ сүрлэн халхавчтай, хулсан саваа барин, нүүрээ эрээнээр будан жагссан нь үнэхээр эдийн засгийн хэмнэлт гэлтэй.
Бор хүүгийн шар медаль
Монголын багийн цорын ганц алтыг боксчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүртэж, наадмын түүхэн дэх дөрөв дэх аваргаар тодорлоо. Энэ эрчээрээ торойсоор У.Мөнх-Эрдэнэ маань 3 жилийн дараа "Афин-2004" олимпийн боксын цорын ганц эрхийг эх орондоо авчирсан юм.
Маха-шири ясаа гартал шидэлцэв
Наадмын нэгэн сенсаац бол "Үүрийн туяа" романы зохиолч Дашдэндэвийн хөвүүн Махашири нь ясаа гартал үзэлцэж, зээрэнцэг шидэлтээр 55,74 м амжилт үзүүлэн, хүрэл медаль хүртсэн билээ. Тайваний Чан Мин-Хуан сүүлчийн шидэлтээрээ түүнээс 14 см илүү гарч, мөнгөн медалийг нь Формоза арал руу авч одсон доо. Үүний дараа Д.Махашири нь бас Азийн аварга шалгаруулах тэмцээнээс бүр мөнгөн медаль хүртсэн санагдаж байна.
Урамтай , унгар цустай , уяатай тугалга шидэгч
Кансай мужид болсон наадмын том од бол залуу тамирчин Кожи Мурофүжи байлаа. Тэрбээр дүүгүүр шидэлтээр баараагүй алтан медаль зулгааж, их спортынхоо гялалзсан карьерийг эндээс улам бататгасан юм. Унгар цустай япон эр дараа жил нь дэлхийн аваргад түрүүлж, 2004 оны олимпийн наадамд ч Япон улсын төрийн сүлдийг эгшиглүүлж билээ.
Ганбаагийн шавийн ганган мэх
Үндэсний бөхөөр шуугиулж эхэлсэн залуу заан Батжаргалын Ганбатыг багш нар нь жүдо бөхийн татамид гаргаж, хэдхэн сар хичээллэсний дараа дасгалжуулагч Жамбалын Ганболд гавъяатын удирдлагаар олон улсын тэмцээнд анх удаа зодоглон, "Осака - 2001" наадмаас хүрэл медаль хүртсэн нь дотоод сюрприз гэлтэй. Хүрлийн төлөө мань эр Тайваний туршлагатай жүдочийг тосгуулж хавираад л дээш нь харуулсан.
Дюран Дюран
Энэ наадамд спортын сэтгүүлчдийн чамлахааргүй тооны бүрэлдэхүүн Кансей мужид десант буусан. МҮОНРТ-ийн шинэхэн сэтгүүлч "Делика" хэмээх Доржсүрэнгийн Батжаргал, "Таван цагариг" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга "Миша" Содномдаржаагийн Батбаатар, Монголын радиогийн Дурангийн Гэнээ гээд л нэжгээд сурвалжлагчид сүши амталж, сүрхий ажилласан. "Mongolia Media" хариуцсан япон туслах Ш.Минозаки нь Дурангийн Гэнээтэй их дотно, зүс ч төстэй бөгөөд "Дюран Дюран" гээд байнга л "ихэр хурга" дагаад гүйдэг байж билээ.
Гуниг баяр
ОУОХ-ны Хорооны гишүүн Шагдаржавын Магван гуай нь протокол ёсоор Наадмын хүндэт зочноор уригдсан. Буянтай буурлын маань хувьд 60 жил ханилж, бүх наадамд шахуу хамтдаа явсан хайрт гэргий Намсрайгаас хагацан, ганцаараа аялсан анхны гунигт Games нь байлаа. Бид ч олимпийн өвөөгөө сатааруулан, байнга нэг нь дагалдаж, орой нь өвөөгийн өрөөнд соёл - олон түмний үдэшлэгийг ундруулахаас өөр аргагүй. Түүнчлэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Шагдарын Отгонбилэг тэр жилийн өвөл онгоцны ослоор тэнгэрт хальж, бидний хувьд ШО-гүй наадам болсон нь туйлын харамсалтай.
Асашёрюүгийн амжилтын ерөөл
Наадмын үеэр МА өвөө , С.Батбаатар бид гурав Японы шинкансен галт тэрэг хөлөглөн, Токио руу хурдалж, сүмогийн башё барилдааныг амьдралдаа анх удаа үзэв. Их ёкозүна Асашёрюү Д.Дагвадорж маань озеки болоогүй байсан ч тэр өдөр Такановакаг ялж , өвөөдөө ялалтын бэлэг барьж , "Осака-2001" наадамд оролцож буй Монголын баг тамирчиддаа амжилт хүссэн билээ.
Аригато Кансей, Саёонара Осака
Наран улсын зочломтгой Кансей мужийн найрсаг Осака хотод хөшгөө татсан Зүүн Азийн гуравдугаар наадам манай туршлагатай тамирчдаас гадна хожим нь тодорсон шинэ залуу авъяастнууд дебютээ хийсэн сургамжтай, наадам болж өнгөрсөн. Мөн л Монголын багийг хүндэтгэн, тэндхийн олон нийтийн байгууллага, хувь хүмүүс удаа дараа туслалцаа үзүүлж, бүр Кансей - Монголын спортын нийгэмлэг хүртэл байгуулагдаж билээ. Өгөөжтэй сайхан Кансей нутаг.