*Ото шигтгээ мэдээ*
Монголыг "гомдоосон" бөх Монголд ирж баярлав
"Сөүл-1988" олимпийн чөлөөт бөхийн 82 кг-ийн жингийн аварга Хан Мён-Ү нь Солонгосын өсвөр бөхчүүдээ ахлан Улаанбаатарт ирээд , баяр хөөртэйгээр бай шагнал гардуулав. Тэрбээр өдгөө БНСУ-ын Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүний сонгуульт албыг хашиж , KBS телевизийн тайлбарлагчаар байнга уригддаг нэгэн. Өмөнөд Чүнчён мужийн уугуул Хан Мён-Ү нь Сөүлийн олимпод манай П.Сүхбаттай учраа тааран , 5:4 оноогоор ялж , аваргын замаа зассаныг бөх сонирхогчид мартаагүй. "Улаанбаатар 2023" Наадмын бөхийн төрөлд Сөүлээс охид , хөвгүүдийн бүтэн баг энд хүрэлцэн ирсэн байна.
Аваргын охин дэд аварга
Мөн "Сөүл-1988" олимпийн ширээний теннисний аварга Ёо Нам-Кюй-гийн төрсөн охин Ёо Еэ-Рин аавынхаа спортоор Наадамд үзэлцэж , багийн найз Ли Да-Инд ялагдаж , мөнгө дээр буув. БНСУ-ын түүхэн дэх ганцаарчилсан төрлийн анхны олимпийн аварга Ёо Нам - Кюй нь 20 насандаа энэхүү эрхэм дээд цолд хүрсэн бөгөөд охиноо өөрөө дасгалжуулдаг гэнэ. Одоогоор энэ хангүк охин ITTF дэлхийн холбооны насанд хүрэгчдийн нэгдсэн чансаанд #242-т эрэмблэгдсэн, их ирээдүйтэй одон бөмбөгчин гэж мэргэжилтнүүд зүй ёсоор үнэлдэг.
"Цоорхой" аваргын цовоо дүү
Бас нэгэн олимпийн цуут аварга Саори Ёшидагийн тун ойрын хамаатан , төрсөн ахынх нь охин Чисато Ёшида 65 кг-д чөлөөт бөхөөр "алт олборлох" хатуу зорилготой арлын Япон орноос талын Монголыг зорин иржээ. Түүний авга эгч , суут Саори нь арай ч дэндүү их алдрын дуулианд умбан , олимпод 3 & дэлхийд 13 түрүүлсэн агаад өдгөө 40 настай , хамгаалалтын албаны даруухан офицер болсон ч хааяа хааяа хөлсөө гаргаж , шавь нараа дасгалжуулан , кайф авдаг ажээ.
Хувцасны сонжоо
Аливаа наадмыг гоё ганган гоёмсог хувцас чимдэг нь бичигдээгүй хууль. Энэ удаа Улаанбаатарт холхилдох гадаадын багийнхны өмссөн зүүснийг сонжвоос , Хятад "ANTA" , БНСУ "THE NORTHFACE" , Япон "ASICS" , Тайвань "MIZUNO" , Хонконг "FILA ", Макао "HKS SPORT" брендээр гангарсан бол гэрийн эзэн монголчууд "361" өмсгөлийг биедээ эвлэгхэн шингээжээ. Алагласан хувцастай адтай залуусын наадмын дурсамж нандин хувцсан дээр нь "Ulaanbaatar 2023 East Asian Youth Games" гэсэн түүхэн наадам үүрд нь үлдэх нь сайхаан.
Хөнгөнийхөн хөнгөрөв
Налгар Налайхын довцог дэнж дээр спортын хатан хааны тэмцээн жаргалаа. Хамгийн олон төрлийг хамарсан хөнгөн атлетикийн тэмцээнд 7 багийн 147 тамирчин 22 цогц медалийн төлөө өрсөлдөж , шагналууд очих ёстой багц эзэндээ очлоо. Багийн дүнгээр Хятадын гүйгчид , харайгчид , шидэгчид 12 алт , 10 мөнгө , 5 хүрэл медалиар хамаг олныг манлайлж түрүүлсэн бол цөөхөн ч гэсэн чанартай тамирчин илгээсэн Япон 3 алтыг хаман одлоо. Харин давчуу хот Хонконгийнхон цэлгэр талбайгаас - алт , 3 мөнгө , 4 хүрлээр медалийн цуглуулгаа бүрдүүллээ. Харин эзэн багийнхан 3 хүрлээс гадна 3000 м охидын гүйлтээс мөнгөн медаль зулгаасныг дажгүй амжилт гэлтэй.
Инга ба Энгүүн
Налайх хотноо өндөрлөсөн хөнгөн атлетикийн тэмцээний үеэр билэгдэл сахиус болох Инга маскотын хүнд өмсгөлийг өмсч , гол дүрд тоглогч оюутан охин нь өөрөө спортын фен учраас л тэсч буй бололтой. Ялангуяа маскотын толгой нь цамын маск лугаа хүнд тул хөөрхий охин заримдаа тэр данхар малгайгаа өрөөсөн гараараа түшиж буй харагдах юм. Гэвч Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгэл судлалын англи хэлтэй оюутан Энгүүн нь Ингадаа хайртай болсон гэнэ ээ.
Жулиан эмч
Хонконгийн спорт - олимпизмийн төлөө олон жил зүтгэж буй эмч Жулиан Чанг гуай "Хар алтны" хот Налайхад ирж , Сянганы тамирчин хүүхдүүдээ дэмжлээ. Тэд нар нь ч өвөөгөө гомдоосонгүй , 200 метрийн охидын гүйлтэд Це То-Ли торгон жолоо өргүүлж , алтан медалиар энгэрээ мялаав. Доктор Чанг нь хүүхэд үедэээ хөлбөмбөг хөөж , оюутан цагаа Лондонд өнгөрөөхдөө англичуудын дуртай сквошруу шуурч байсан ч гэмтлийн эмчийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Хонконгийн багийн эмчээр 10 удаагийн олимпод ажилласан туршлагатай Жулиан манай наадмын зохион байгуулалтад сэтгэл өндөр байна. Цагаан халаат өмсдөг доктор ах маань Хонконг нутагтаа хувийн нэг эмнэлэг , нэг клиниктэй лут амьжиргаатай эр ээ.