"ТЯНЬЖИНЬ - 2013" ЗҮҮН АЗИЙН VI НААДМАА ЭРГЭН ДУРСАХУЙ


Шанхайгаас Тяньжинь

Хувь заяаны эрхээр Зүүн Азийн Наадам нь Хятад улсдаа эргэн ирлээ. Анх 1993 онд Шанхай хотноо гараагаа эхэлсэн хүчирхэг спорттой Зүүн Азийн 8 улс наадмынхаа галыг бадрааж байсан бол яг 20 жилийн дараа Тяньжинь энэ буухиаг гардан авчээ. Хятадын энэ хоёр том хот нь хоорондоо 962 км-ийн зайтай оршдог бөгөөд спортоор байнга ширүүн өрсөлддөг. Шанхайгаас алдарт сагсчин Яо Мин , ойрын зайн халхалттай гүйгч Лю Сян гээд л одод төрсөн бол Тяньжин хотынхон ширээний теннисний Ма Вень-Гө , жүдоч Тун Вень гээд л сод тамирчдаараа бахархдаг.

Том Азийн наадам шиг спорттой Тяньжиний наадам

Зүүн Азийн Наадам мөн л алтан намрын улиралд үүд хаалгаа цэлийтэл нээж , Х сарын 6 - 15-ны өдрүүдэд 13 сая хүнтэй далайн том боомт Тяньжинь хотод 9 орны 2422 тамирчин хуран цугларчээ. Тэд Наадмын түүхэн дэх хамгийн олон спорт буюу 24 төрлөөр ( Үүнээс нь 16 нь олимпийн спорт ) 10 хоногийн турш ач тач өрсөлдөв. Нээлтийн ёслол Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож , БНХАУ-ын Засгийн газрын орлогч дарга Лю Ян-Дун албан ёсоор Тяньжингээр овоглосон наадмыг нээсэн юм.

Хойд Солонгосын хос алт 

Өнөөх Хойд Солонгосын эрх баригчид ах дүүгийн харилцаатай Хятадад хөшгөө нээсэн Зүүн Азийн Наадамд найрсагаар оролцож , 8 алт, 12 мөнгө, 22 хүрэл, нийт 42 медаль хүртсэний дотор , эрэгтэй ба эмэгтэй хөлбөмбөгт томроод байдаг Япон , Хятад , БНСУ-ын багийн хандыг хага дарж , БНАСАУ-ын U-23 шигшээ нь xоёулаа аваргын алтан медалийг хүзүү юүндаан зүүсэн бөлгөө. Харин энэ удаа ийм ойрхон болсон Наадамд манай хөлбөмбөгчдийг Холбоо нь оролцуулаагүй нь тоогүй. 

Улаанбаатарын мятрашгүй тэмцэл

МҮОХ нь Зүүн Азийн Наадмын төлөө мөн л тэмцлээ үргэлжлүүлсээр Их Хятадын том Тяньжинь хотыг санал хураалтаар барсангүй , бас л "гитад хэлтнүүдийн" хуйвалдаанцараар "хэлмэгдэв". Монголчуудын ачаа бараагаа татдаг Тяньжинь хот нь үүний дараа 2017 онд Бүх Хятадын Спартакиадыг амжилттай зохион байгуулсан юм.

Дугуйныхан жийж , чөлөөтийнхөн жийгдэв

Наадмын төрөлд дугуй , туялзуур сэлэм , каратэ , сквош зэрэг шинэ төрлүүд бүл нэмсэн ч бидний найдлага чөлөөт бөхийг чөлөөлсөн нь хачирхалтай. Үшү-гээ дээдэлдэг нанхиад цустнууд бөх барилдах дургүй гэдгээ дахин нотлов, ахин гүрийв. Ийнхүү "Макао-2005" , "Хонконг-2009" , "Тяньжинь-20013" наадамд олимпийн үүх түүхтэй "Wrestling" дараалан жийгдэж , Монголын баг гарцаагүй медалиа алдсан нь ийм учиртай.

Сээеэ , Нааяа багшийн сэтгэлийн андууд

МҮОХ нь Наадмын өмнө Тяньжинь хотын Спорт Хорооны Хан Жень-Дуо даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж , хоёр талын чөлөөт бөх , жүдо , бокс , дугуйн төрлөөр хамтарсан бэлтгэл хийх , харилцан туршлага судлахаар тохиролцсон юм. Үүний өмнө ч гавъяат Д.Сэрээтэр , Ц.Нацагдорж нар тэнд мэргэжилтнээр ажиллаж байсан. "Тяньжинь-2013" Наадамд ч манай хоёр мэргэжилтэнтэй нэгэн бэлтгэлийн төвд мөр зэрэгцэн зүтгэж байсан нутгийн көүч нар монгол мэргэжилтэн ах нартаа мэнд дамжуулахыг чин сэтгэлээсээ хүсч байсан нь сайхан байлаа. 

Хорин настай Зүүн Азийн Наадам нь арван наймтуудад зориулав

Зүүн Азийн VI наадмын бамбар ийнхүү 10 хоногийн турш бадамлан ассаны дараа насанд хүрэгчдийн EAST ASIAN GAMES гэдэг галтай цогтой , гайхалтай дуулиантай спортын наадам түүх болон үлдлээ. "Шанхай - 1993" , "Бусан - 1997" ,  "Осака - 2001" ,  "Макао -2005" ,  "Хонконг - 2009" , "Тяньжинь - 2013" зургаан удаагийн Зүүн Азийн Наадмаас олон од манлай , сод магнай  тамирчин мэндэлж , олимп дэлхийд Ази тив , ахуй нутгаа мандуулсан нь бахархалтай. Гэвч энэ наадам бүр унтарсангүй , дэлхийн дээд зэрэглэлийн тэмцээний дэндүү шахуу хуваарийн дунд тэсэн орших , томчуудыг цуглуулах нь бараг боломжгүй болсон тул ирээдүйгээ харж , залуучуудын зэрэглэлийнх болгон өөрчилсөн юм. Ийнхүү яг арван жилийн дараа Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадам Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож буйд зүүн азийнхан төдийгүй Монголын ард түмэн туйлын баяртай байгаа нь эх орны маань нэр хүнд билээ.