ВОЛЕЙБОЛ: ХӨВГҮҮДИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Монгол Улсын 17 хүртэлх насны шигшээ багийн хөвгүүд “Улаанбаатар-2023” тэмцээнд 3-р байрт шалгарлаа. Манай баг өнөөдөр тэмцээний сүүлийн тоглолтоо хийж, Хятадын Тайванийн багт 3:0 (25:18, 25:21, 25:13) хожигдлоо. Гэвч үүний өмнөх тоглолтод 3-р байрын төлөө манай багтай гол өрсөлдөөнийг үзүүлж байсан Хонг Конгийн баг Макаогийн багт 3:1 харьцаатай хожигдсоноор манай багт боломж гарсан юм.
Тайванийн багтай хийсэн сүүлийн тоглолтод манай багаас довтлогч Ёлын Хүрэлтулга 3 ээлжид 16 оноо аван маш сайн тоглож, багаа тэргүүллээ. Мөн хаалтанд Б.Дашням, Ц.Ананд нар сайн байж, багаараа 6 хаалт оноо болгосон байна. Харин Тайванийн баг хаалтаар 11 оноо авч, давуулалтаар 6:1 харьцаатай илүүрхсэн юм. Тайванийн баг ийнхүү 3 хожил, 1 хожигдолтой тэмцээний мөнгөн медалийн болзлыг хангалаа. Тэдний хувьд энэ тэмцээнд босоо амжилттай түрүүлсэн БНХАУ-ын багт л хожигдож, бусад өрсөлдөгчдөө бүгдийг нь 3:0 харьцаатай хожлоо.
Ийнхүү манй баг 4 тоглолтод 1 хожиж, 3 хожигдсон үзүүлэлттэй тэмцээнээ дуусгалаа. Хонг Конгийн баг адил 1 хожил, 3 хожигдолтой ч ээлжийн хожил хожигдлын зөрүүгээр 4-р байрт орлоо. Тодруулбал, манай баг 4 тоглолтдоо 4 ээлжид хожиж, 9 ээлж хожигдсон бол Хонг Конгийн баг 4 ээлж хожиж, 10 ээлж хожигдсон байна. Мөн онооны дундаж Монголын баг 0.444, Хонг Конгийн баг 0.400 үзүүлэлттэй байв.
Манай багийн дундаж нас дөнгөж 16 боловч нурууны дундаж өндөр 185 см байсан. Өмнө нь манай улсаас өсвөр залуучуудын тэмцээнд ийм өндөр баг оролцож байсан тохиолдол байхгүй болов уу. Өсвөрөөс эхлэн шигшээ багийг багаас нь барьж, тэмцээн уралдаануудад тогтвортой оролцуулбал манай охид, хөвгүүдийн аль аль багт ямар их ирээдүй, боломж байгаа нь энэ удаагийн тэмцээний тоглолтуудаас харагдлаа.
Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай, Ё.Хүрэлтулга ахлагчтай Монголын Улсын волейболын шигшээ багийн хөвгүүддээ баяр хүргэе!